Сүхбаатар аймаг

Түмэнцогт сум

27 C

Цаг агаар

2849

Валютын ханш

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сум

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сум

Эртний улбаагаар...

Одоогийн Түмэнцогт сумын нутаг нь эртний эрт үеэс Эрдэнэдалай жонон вангийн хошууны нутгийн төв хэсэгт хамаарах бөлгөө. Энэ хошуу нь барагцаагаар 1655 оноос үүссэн. Үе улиран Халхын Сэцэн хан аймгийн Эрдэнэдалай жонон Вангийн хошуу нь баруун талаараа Дархан засгийн хошуу, зүүн талаараа Эрдэнэ засгийн хошуу, Ачит засгийн хошуу, зүүн урдуураа Ёст бэйсийн хошуу, Баруун урдуураа Эрх засгийн хошуу зэрэг газруудтай хиллэдэг, Хойт тал нь Онон гол гарч Хөвөлзөх харуул, Минж харуул зэрэг гурван харуулд харуулын алба гүйцэтгэдэг. Баруун урдаасаа зүүн хойш сунаж тогтсон ходоод хэлбэрийн өргөн уудам нутагтай засаг хошуу байжээ. Нутгийнхаа дөрвөн талд Баян лусын эзэн Лухваанжалба бурханыг тусгайлан зассан чулуун дээр сийлэн хошууны гол төвд Далайвангийн өргөө буюу хүрээний зүг харуулан залсан байдаг байжээ. Хойд талын бурхан нь Энгэр бүлгийн хойд уулан дээр, зүүн талын бурхан нь Түмэнцогт сумын Лхүмбэ ууланд, баруун талын бурхан Бүрэнцогт тосгоны баруун хойд Богд уулын баруун өндөрт, урд талын бурхан нь одоогийн Уулбаян сумын нутаг Ходоодын говийн зүүн урд Бурхант өндөр хэмээх уулан дээр тус тус байрласан байв. Хошууны нутаг нь одоогийн Сүхбаатар аймгийн Мөнххаан, Түмэнцогт сумын нутаг бүхэлдээ, Уулбаян сумын Бурхант өндрөөс тус сумын төвийн өмнүүр зүүн гар сүрэгчинтэй хиллэн хурдан Даяанчийн хийдийн урдуур ороож Дэлгэрхаан уулаар дамжин баруун хойш эргэх нутаг, хойд тал нь Хэнтий аймгийн Баян-овоо сум бүхэлдээ Норовлин, Батноров сумын нутгийн зарим хэсгийг хамаарч байжээ. Зүүн хойд тал нь Батхаан уул Хэрлэн барс хотын хамарсан нутаг байв. Ийнхүү тус хошуу нь Мөнххаан, Дэлгэрхаан, Баянхаан, Батхаан гэсэн дөрвөн хаан уулыг нутагтаа багтаасан, эдгээр уулсаа тогтсон цаг хугацаанд нь тахиж тайдаг хошуу байжээ.

Бид Түмэнцогт сумын нутаг дэвсгэрийн үүсэл хөгжилийг судлахад Хан Хэнтий уулын аймгийн Мөнххаан уулын хошуу, Хан Хэнтий уулын аймгийн Мөнххаан уулын хошууны Баян-Овоо сумын газар нутгийн түүхтэй холбоотой хэмээн үзсэн

Хэдийгээр Монгол улс Монгол улсын Ардын засгийн газрын 1923 оны 10-р сарын 19-ний 38-р хурлын тогтоолоор аймаг хошуудын нэрийг газрын нэрээр нэрлэх шийдвэр гарч, Халхын Сэцэн хан аймгийг Хан Хэнтий уулын аймаг, Дархан хошой чин вангийн хошууг Түмэнцогт уулын хошуу, Далай вангийн хошууг Мөнххаан уулын хошуу хэмээн нэрлэн хан хийгээд засаг ноёдыг халж орыг сонгон гаргаж иржээ.

Ийнхүү 1627 оноос 1923 оны 9 сар хүртэл оршин тогтнож ирсэн засаг захиргаа халхын Махасамди гэгээн далай сэцэн ханы үед дуусч Манж болон Богд хаант монгол улсын төрийн төв байгууллагуудын гууль зэсээр хийсэн тус бүр 4 кг жинтэй барын дүрсэн бариултай тамгууд улсын болон дотоод яамны архивт орсноор шинэ засаг төрийн үйл ажиллагаа эхэлсэн билээ. Хүн ам олонтой, нутаг дэвсгэр ихтэй Мөнххаан уулын хошууг арван нэгэн сумтай хэмээн тэмдэглэсэн буй.

Нутгийн баруун хойд өнцөгт орших суманд бусад хошуудын адил Баян-Овоо уулын нэрийг өгчээ. Мөнххаан уулын хошуунд тус бүрдээ иймэрхүү нэртэй найман сум байсны нэг нь Баян-Овоо сум юм. Сумыг 150 өрхтэй гэж тэмдэглэсэн байна. Энэ бол эдүгээгийн Хэнтий аймгийн Баян- Овоо сумын гал голомт үүссэн цэг юм. Энэ сумын төвлөрсөн хэсгийн урдхан талд өртөө хүрэхгүй зайнд одоогийн Түмэнцогт сум оршин буй билээ. Улс оронд маань аж үйлдвэр эхлэл төдий л байсан үе байлаа. Түмэнцогт, Талын хөндлөн … уул уурхайн үйлдвэр Баян-Овоо сумын нутагт үүсч, Баян-Овоочуудын бахархал болж байсан билээ. Түмэнцогтын уулын үйлдвэрийг түшиглэн Түмэнцогтын хороо захиргааг 1952 онд байгуулж байсан түүх бас бий. Одоогийн Түмэнцогт сумын нутаг дэвсгэрт ардын хувьсгалын эхэн үед болж байсан түүхэн үйл явдал мөн түүхт хүмүүсийн тухай энэ номонд оруулах нь зүйтэй болов уу... 1920 оны дундуур Игнатьев, Цоохор, Оодон татаар (суурин байсан ба хоч нь) мэт Оросын худалдаачид цагааны цэргийн хүнсэнд үхэр худалдан авч буй мэдээ авсан, хувьсгалт нууц бүлгийн удирдагчдын нэг Д. Сүхбаатар зах дээр очиж Ёст бэйсийн хошууны Б. Зундуй гэдэг хүнд тэр бэлтгэж буй малыг худалдаж авахад нь туслаж үхрийг тууж гаргаад цагаантанд биш улаантанд зувчуулж тушаах даалгавар өгч байсан. Тэр ажилд Ч. Наваан, Л. Тарбаев, А. Шарав зэрэг хүмүүс элсэж хамссан. Намар нь Д. Догсом нутагтаа ирээд тэдгээрийг зохион байгуулж тэр ажлыг гүнзгийрүүлж, тэдгээр нөхөд үхрийг тууж хил гаргаад улаантанд нийлүүлж магадлагаа бичиг аваад Ар Хиагт руу ирж хувьсгалчидтай нийлж байсан байна. 1921 оны зун цагт Ардын журамт цэрэг хийгээд Оросын улаан цэрэгт бут цохигдсон цагаан цэргийн үлдэгдэл (Сухарев, Островский, Кочетов, Жабалон) дорнод Монголын нутгаар үймүүлж дээрэм тонуул хийж, тэднийг Чойжил, Алтангэрэл, гүн Гомбо-Ичин (1911 оны баатар) зэрэг нутгийнхан эсэргүүцэн тэмцэж байх үед жанжин Сүхбаатар зүүн замын цэргийг хурандаа Г. Бумцэндээр удирдуулан мордуулж, мөн араас нь М. Дугаржавыг хоёрдугаар морьт бригадын даргаар томилон явуулж тэд Жавхлант, Гүрмийн нуур, Хар ямаат, Түмэнцогтын уулс хавиар бугшиж байсан цагаантныг эн тэргүүнд цохиж улмаар хил хязгаараар хөөсөн баримт буй.


ТҮМЭНЦОГТ СУМ

БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1954 оны 180 дугаар тогтоолоор Дорнод аймгийн Тамсагбулаг гэдэг газарт нарийвтар ноост хонь үржүүлэх чиглэлээр Тамсагбулагийн САА-г байгуулсан нь Түмэнцогт сумын үндэс суурийг бий болгожээ. БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1960 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор Сүхбаатар аймгийн нутаг Хан Хөхий уулын өвөрт Хар Ямаатын гянтболдын суурин дээр газар тариалан эрхлэх чиглэлтэйгээр Түмэнцогтын сангийн аж ахуйг байгуулсан түүхтэй.

Тун удалгүй БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1960 оны 5дугаар сарын 05-ны өдрийн 109 дүгээр зарлигаарТүмэнцогтын САА-г түшиглэн Түмэнцогт сум байгуулах тогтоол гарч,. Энэ цагаас эхлэн Түмэнцогт сумын түүх эхлэх бөлгөө.

1972 оноос тус сум газар тариалангаас гадна нутгийн шилмэл үхэр үржүүлэх болсноор мал аж ахуй, газар тариалан хосолсон аж ахуй болон өргөжсөн бөгөөд 1978 онд ЗХУ-ын хүч хөрөнгөөр сумын төвийг тохижуулж 200 хүний суудалтай соёлын төв, 112 айлын орон сууц, 95 хүүхдийн цэцэрлэг, 264 хүүхдийн суудалтай бүрэн дунд сургууль, 80 ортой дотуур байр, 15 ортой эмнэлэг бүхий орчин үеийн тохилог суурин босгож 1978 онд шинэ төвд суурьшсан.

Түмэнцогт сум нь 213 мянган га нутаг дэвсгэртэй. Сумын төв нь Баян-Овоо. 2014 оны жилийн эцсийн байдлаар 715 өрхийн 2344 хүн амтай, 71522 мянган толгой малтай. Дорнод талын махны хэвшлийн үхэр өсгөн үржүүлдэг. Газар тариаланд тохиромжтой 12,5 мянган га эргэлтийн талбайтай орчин үеийн сум болон хөгжиж байна

Түмэнцогтын сум, САА-н удирдлага / тухайн үед / “Иж бүрэн систем” санаачлан нэвтрүүлж, үйлдвэрлэлийн цэг салбарыг өдөр тутмын хяналтын шуурхай удирдлагаар хангаж ажилласнаар 1984 оноос төслийн үзүүлэлтүүдийг бүрэн хангаж жилдээ га тутмаас 10-12 цн улаан буудай, 100-170 цн төмс, хүнсний ногоо хураан авч, 12.0 мянган тн хадлан бэлтгэж, махны хэвшлийн 12.5 мянган толгой үхэр сүрэгтэй болж 6 дугаар таван жилийн гавшгайч сум, сангийн аж ахуй цол тэмдэг, мөнгөн шагналаар шагнуулжээ. Мөн 1982 онд “Соёлч сум, САА-н төв” болж, Сум, САА-н дарга гэсэн хавсарсан нэг удирдлагатай байж, захиргааны ажлыг нь сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны орлогч, нарийн бичгийн дарга гүйцэтгэж байгаад 1990 оноос сум, САА-н удирдлага бие даасан бүтэцтэй болж Түмэнцогт сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны анхны даргаар С.Мягмардаш ажилласан байна.

Сум нь Засаг захиргааны нэгжийн Лхүмбэ, Баянцагаан, Баян-Овоо Баянцогт гэсэн дөрвөн багтай.

Тус сумаас улсын гавьяат цолтон 4, улсын аварга 6, улсын аварга хамт олон 4 төрөн гарсан байна. Монгол Улсын гавьяат мал зүйч Д.Лхагвасүрэн, гавьяат багш Ш.Оюун, гавьяат тууварчин Ч.Долгорсүрэн, гавьяат тээвэрчин Ё.Баяраа улсын начин Ж.Чулуун, улсын аварга тариаланч, механикжуулагч Л.Чулуунбарга, Д.Төмөр, Ч.Дорждагва, Д.Гансүх Улсын аварга салааны ахлагч Н Батсүх,пЮ, мал аж ахуйн улсын аварга мэргэжилтэн Н.Гончигсүрэн, улсын аварга малчин Г.Ухнай, Г.Өвгөнхүү, улсын анчин Ж.Нүрзэд, Д.Төмөр, улсын манлай уяач С.Төмөр-Очир нарын алдар цуутнууд энэ нутгаас төрөн гарч,энэ нутагт амьдарч байжээ.